2010-04-10
Хавар

Жил бүр цас ханзарч урь орохтой зэрэгцэн шороо шуурч нүүр нүдгүй балбаж эхлэх тэр цаг үест тийм гэж хэлэхийн аргагүй айдас түгшүүр эсвэл бүр баяр жаргал догдлолтойгоор “ХАВАР”-г угтана. Улирч одсон дурсамж бүхэн үлгэрийн юм шиг амилан босож далдын далдад нуучихсан байсан сэтгэлийн гүний гунигийг хүртэл сэдрээх нь гачлантай. Дулаахан хөнжлөөсөө өндийж цонхны зүг нойрмог харцаа бэлчээхэд өглөөний нарны улбархан туяа хөгжилтэй тусаж бүлээхэн илч нь бүхнийг ээж сэтгэлийг сэргээдэг байтал туяаа ч, илч ч байхгүй, нар өөрөө үгүй мэт боловч өдөр аль хэдийн эхэлсэн байх тийм нэг бүүдгэр өдөр урамгүйхэн эхэлсэн шигээ урамгүйхэн төгсөнө. Ийм өдрийн үдэш нь хүртэл ганцаардал гэгч хий мананцар эргэн тойронд минь мэдрэгдэж гашуун амт нь хоолойд тээглэж нулимас болон нүдэнд мэлтэлзэх нь энүүхэнд. Түмэн бодол толгойд эргэлдэж бүх л зүйлс болохгүй бүтэхгүй хэмээн бодогдож ертөнц дээр ганцаархнаа үлдчихээд үхлээс өөр очих газаргүй мэт санагдана. Нэгэнт л үхэж үл болох хойно үхлийн хэлтэрхий унтах гээчийг зүйрлэшгүй ихээр хүсэн мөрөөдөж ядаж зүүдэнд минь амьдрал үргэлжилж хүсэл бүхэн минь биелэх боловуу гэх ядмагхан горьдлоо тээн хөнжилдөө шургавч өнөөх шаналалаас түр ч болов салгах шидэт үхэлд хүргэх нойр гэгч хаа ч юм алсын алст нисэн одмой. Ингээд л бүүдгэрхэн эхэлсэн өдрийн төгсгөл шөнө гэгч бүүрч харанхуй ажээ. Дэвсгэр даавуу орны нэг өнцөгт хуйларч хөнжлийн буруу зөв мэдэгдэхээ байж дэр хэлбэргүйхэн түнтийх хүртэл хэдэн цагийн турш хөрвөөсний эцэст арай гэж зүүдний харгуйд аялан амьдрал үргэлжилэх ахуйд үдшийн туршид тархийг минь зовоосон бүтэлгүй түмэн шаналалууд биелэлээ олж бүүрч ихээр зовоож өнөөх хар дарах гэгч нь дахиад л хэмлэж эхэлнэ.

Шувуу... болжмор жиргээд, нарны туяа цонхны тавцан дээрх цэцгүүдэд өнгө үзэмжийг харамгүй хайрлаж байна. Урин хаврын нар ээсэн дулаахан өдөр. Зулзаган ногоон өнгө ертөнцийг чимж цэцгэс моддыг чимнэ. Хайртай хүн минь эелдэгхэн үгсээр урамшуулж халуунаар тэврээд хүн бүхний харцанд өртөөд ертөнц зөвхөн миний төлөө эргэлдэнэ. Бүтэхгүй зүйл, чадахгүй юм гэж алга. Татсан хаалга болгоны цаанаас инээмсэглэл намайг урамшуулна.  Жаргал гэгчийг надад л заяасан мэт...

 Энэ бүхнийг бид “ХАВРЫН СИНДИРОМ” гэж нэрлэдэг.

Уг нь хичээлээ хийх гээд суусан юмсан. Би ч бас...

 

Бичсэн: Onasu | цаг: 15:53 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax